Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 111 жилийн ой тохиож байна

1911 оны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо сэргээн
зарлаж, VIII Богдыг шашин, төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилж түүнд төрийн тамга, төрийн далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газартай, тусгаар тогтносон Монгол Улсыг байгуулсан юм. Монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь төрт ёсны өнө эртний уламжлалтай Монголын ард түмний онцгой, бахархвал зохих түүхэн үйл явдал билээ.